- Makers News
- Posts
- Makers News #71
Makers News #71
🥳 МАК Евро Виндоор үйлдвэр 5 нас хүрлээ 🎉
Powered by
Өдрийн мэнд! 😇Mining Insight сэтгүүл 30 дахь дугаартаа Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширыг онцоллоо. Энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонжих боломжтой сайт, шүд ургуулах эмийн туршилт гэх мэт хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллүүдийг нэгтгэлээ. 😉
📙 Mining Insight сэтгүүл Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын ярилцлагыг онцлов
Mining Insight сэтгүүлийн редакц 30 дахь дугаартаа “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширыг онцоллоо. Тэрээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжил, МАК-ийн хөгжлийн түүх, алсын хараа, үйлдвэрлэл зэрэг өргөн цар хүрээг хамарсан ярилцлага өгсөн байна. Та бүхэн дэлгэрэнгүй ярилцлагыг сэтгүүлээс уншаарай.
🎉 МАК Евро Виндоор үйлдвэрийн 5 жилийн ойн мэнд хүргэе 👏
МАК Евро Виндоор үйлдвэр 2019 оны энэ өдөр үүд хаалгаа нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Дэлхийд тэргүүлэх европ стандартыг эх орондоо нэвтрүүлэн импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлэн амжилттай ажиллаж буй МАК Евро Виндоор үйлдвэрийн хамт олондоо 5 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🎉👏
👨👩👧 МЕВҮ: Ажилтнуудынхаа гэр бүлийг үйлдвэртэй танилцуулжээ
МАК Евро Виндоор үйлдвэрийн хамт олон Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Гэр бүлийн өдөрлөг” зохион байгуулж, ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдэд үйлдвэрээ танилцуулжээ. Түүнчлэн “Гэр бүлийн үнэ цэн” сэдэвт лекц зохион байгуулсан байна. Харин хүүхэд багачууд face art зуруулан, аав ээжийнхээ хамтаар гэр бүлийн мод тарьж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлжээ. 🤩
🧠 НСУ: Quiz Night зохион байгууллаа
Нарийн сухайтын уурхайн хамт олон эх үрсийн баярын өдөр Quiz Night танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан байна. Шагналт байрын эздийг танилцуулж байна. 😇
🥇 I байр: Хөөрхнөө ба түүний андууд баг /ЗҮТ хэсэг/
🥈 II байр: Талст баг / Лабораторийн хэсэг/
🥉 III байр: Ирээдүй баг /Аж ахуйн хэсэг/
SxCoal: Монгол Улс 2024 оны нүүрс экспортын зорилтдоо хүрч чадна 🛤️
SxCoal Монгол Улсын 2024 оны эхний 5 сарын экспортын үзүүлэлт, шинэ дэд бүтцийн сайжруулалтууд жилийн үлдсэн хугацаанд тээвэрлэлтийг улам нэмэгдүүлэх төлөвтэй байгааг харгалзан үзэж энэ онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрч чадахаар байгааг онцоллоо.
Дорнод бүс 50 МВт-ын шинэ цахилгаан станцтай боллоо 👏
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо. Тус ДЦС-ын бүтээн байгуулалт 2019 онд эхэлсэн бөгөөд зүүн бүсийн хөгжил, ялангуяа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэгтэй аж.
Францтай хамтран литийн судалгаа хийнэ 🔍
Үндэсний геологийн алба Франц улсын геологийн албатай хамтран "Ли Монголиа" төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд нуурын гаралтай литийн нөөц бүхий талбайг илрүүлэхэд Монгол-Францын мэргэжилтнүүд хамтарсан судалгаа хийх юм байна. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хийх тус судалгааны санхүүжилтийг Францын засгийн газраас олгох бөгөөд төслийн үр дүнг энэ оны намар танилцуулахаар төлөвлөжээ.
Замын-Үүд боомтод бүс нутгийн логистикийн төв байгуулна 🏗️
Тус боомтыг эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомт болгон хөгжүүлэхээр ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байгаа аж. Сонирхуулахад, тус боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг 8 дахин томруулж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөжээ.
Нэр дэвшигчдийн мэдээллийг нэг дороос аваарай 🗹
Сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн платформ болох election2024.mn цахим хуудас ашиглалтад оржээ. Та бүхэн энэ хуудсаас нэр дэвшигчдийн намтар, түүх, боловсрол, хөрөнгө орлогын мэдүүлэг гэх мэт мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Уулаа, ургалаа Дэлхийн хамгийн анхны шүд ургуулах эмийн хүн дээрх эмнэл зүйн туршилтыг ирэх 9-р сард Киотогийн их сургуулийн эмнэлэгт эхлүүлэх гэж байна. Эм аюулгүй гэдэг нь тогтоогдвол төрөлхийн шүдгүй өвчтөнүүдэд өгч үнэхээр үр дүнтэй эсэхийг нь баталгаажуулж, 2030 оноос зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Сонирхуулахад, дэлхийн нийт хүн амын 1% нь шүдгүй төрдөг аж. | Уйлаад л цэнэглэчихнэ Эрдэмтэд нулимсаар цэнэглэгддэг ухаалаг контакт линзийн зай бүтээжээ. Батарейг глюкозоор бүрсэн бөгөөд давсны уусмал орж ирэх үед глюкоз нь натри, хлоридын ионуудтай урвалд орж, цэнэглэгдэх тул контакт линз зүүсэн үедээ нулимсаараа батарейг нь цэнэглэх боломжтой гэнэ. Хэрэв та илүү их уйлбал зайгаа илүү цэнэглэх боломжтой гэсэн үг юм. |
Сарны цаад талаас дээж авлаа БНХАУ-ын Chang'e 6 хөлгийн дээж цуглуулагч модуль сарны цаад талд байх нарны аймгийн хамгийн том тогоо болох Айткений тогооноос дээж аван дэлхий рүү буцах замдаа орлоо. Эрдэмтэд солирын мөргөлтөөс үүссэн энэ тогоонд сарны цөмөөс ил гарсан маш эртний чулуулаг байдаг гэж үздэг. Дээж агуулсан капсул энэ сарын 25-ны өдөр Өвөр Монголын нутагт газардах төлөвлөгөөтэй байгаа гэв. | NASA-ийн шинэ хөлөг Starliner Boeing компанийн Starliner хөлөг NASA-ийн сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд хүргэхээр хөөрлөө. 2019, 2022 онуудад хөлгийг хөөргөх оролдлого хийсэн ч программ хангамжийн алдаанаас шалтгаалан бүтэлгүйтэж байв. Энэ оны 3-р сарын эхнээс хойш сансрын нисгэгчтэй хөөргөх гурван оролдлого гүйцэтгэсний сүүлчийнх нь ийнхүү амжилттай болж байна. |
Шанхайн загварын долоо хоногийн үеэр алдарт Balenciaga брэндийн загварын шоунд алхсан Монгол модель Г.Гансүх олны анхаарлыг татаад буй. Тэрээр өдгөө 50 настай бөгөөд хүү нь ч бас Balenciaga-ийн тайзнаа алхаж байжээ. 📸