- Makers News
- Posts
- Makers News #68
Makers News #68
🌳 Байгальд ээлтэй МАК-чууд 🦌
Powered by
Morning! 🌞 Та бүхэнд Makers News цахим товхимлын 68 дахь дугаар хүрч байна. 😇 Энэ долоо хоногт Нарийнсухайтын уурхайн хамт олон хар сүүлтэд сансрын дохиолол дамжуулах хүзүүвч зүүж, МАК Евро Цементийн хамт олон үйлдвэрийн бүсдээ 4500 мод тарилаа. Ногоон ирээдүйн төлөө хамтдаа! 🌳🌳
🦌 НСУ: Хар сүүлтэд сансрын дохиолол дамжуулах хүзүүвч зүүлээ
Нарийнсухайтын уурхайн хамт олон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд “Хөхтөн Судлалын Нийгэмлэг” ТББ болон “Тост Тосон Бумбын Нурууны Байгалийн Нөөц Газрын хамгаалалтын захиргаа”-ны байгаль хамгаалагчидтай хамтран 3 бодгаль хар сүүлт зээрд сансрын дохиолол дамжуулах хүзүүвч зүүжээ.
Ингэснээр Хөхөлзөхийн говийн амьтдыг хамгаалж, тоо толгойг бүртгэх, цаг уурын өөрчлөлтийг хянах, хоол тэжээлээс хамаарсан шилжилт хөдөлгөөнийг тогтоох боломжтой болж байгаа юм.
🌳 МАК-чууд бид нийт 205,000 мод тариад байна
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан “Сэтгэлээр тарьж, зүтгэлээр ургуулъя” уриан дор МАК Евро Цемент үйлдвэрт 4500 орчим мод тарилаа. “МАК Цемент” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш нийт ажилтнуудынхаа оролцоотойгоор 27 төрөл зүйлийн 60,000 гаруй мод бут тарьж, ногоон байгууламж бүрдүүлээд байгаа юм.
🎓 “МАК Цемент” ХХК-ийн 30 оюутан энэ хавар төгсөнө
“МАК Цемент” ХХК нь нийт ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, суралцах боломжоор хангах үүднээс 2023 оны намар Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежид 30 ажилтнаа суралцуулж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд оюутнуудын мэргэжлийн хичээлийг цахим болон танхим хосолсон хэлбэрээр оржээ. Ингэхдээ танхимын хичээлийг коллежийн багш нар долоо хоног бүр үйлдвэрт байрлан хуваарийн дагуу заасан байна.
Тэдгээр оюутнууд нь 2024 оны хавар төгсөх ба үйлдвэрлэлийн дадлагаа ерөнхий механикийн хэсгийн техникт суурилан, мэргэшсэн оператор, инженерүүдийн удирдлага дор хийж байгаа аж. Мөн оюутнуудын ажлын байрны аюулгүй ажиллагаанд ХАБЭАБОХ-ээс хяналт тавин ажиллаж байгаа гэлээ.
🏆 МЕБҮ: “Татвар төлөгчдийн өдрүүд - 2024” АХА тэмцээнд амжилттай оролцжээ
МАК Евро Блок үйлдвэрийн ажилтнууд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулсан АХА тэмцээнд амжилттай оролцжээ. Тодруулбал,
🥇 I байр: Ж.Долгоржав МЕБҮ-ийн хангамжийн мэргэжилтэн
🥈 II байр: Б.Амартайван МЕБҮ-ийн технологийн инженер нар тус тус шагналт байр эзэлсэн байна.
Барилга угсралтын ажил эрчимжлээ 📈
2024 оны I улиралд 30.6% өсөж, ₮1.2 их наядад хүрээд байгаа юм. Үүний ₮1.1 их наядын ажлыг дотоодын, ₮33.9 тэрбумын ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Нүүрсний үнэ доогуур хэвээр байна 🏭
Монголын коксжих нүүрсний үнэ өнгөрсөн онд нэг тонн нь дунджаар 974 юань буюу $135.98 байсан юм. Энэ нь ОХУ-ын нүүрснээс 20% доогуур, Австралийн нүүрснээс 2 дахин бага байгааг Reuters агентлаг Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ. Сонирхуулахад, Монгол улс энэ онд 20 гаруй сая тонн нүүрс, 2 сая гаруй тонн төмрийн хүдэр арилжихаар тооцоолж байгаа аж.
Боомт орчмын замын бүтээн байгуулалт өрнөж байна 🚚
Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус хэрэгжиж байна. Хавиргын боомт чиглэлийн авто замыг 2026 онд, Ульхан боомт чиглэлийн хучилттай замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр зам засварлана 🚧
361 км авто зам, 8 байршилд 1205 метр урт гүүрэнд их засвар хийх гэж байна. Монголд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа богино гэх шалтгаанаар төслийн бэлтгэл ажил, зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зураг төсөл боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулна гэлээ.
Халуун ус тасрах хуваарь гарчээ 😒
Энэ жилийн шугам засварын ажил 5-р сарын 15-нд эхэлж, 8-р сарын 12-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК мэдээллээ.
Open AI-ийн шинэ чатбот OpenAI миллисекунд буюу секундыг мянга хуваасантай тэнцэхүйц богино хугацаанд аудио хариу өгөх хүчин чадалтай “GPT-4o” чатботоо танилцууллаа. Шинэ хувилбар нь текст, аудио төдийгүй зургийг хоёр дахин өндөр хурдаар боловсруулах боломжтой аж. Мөн хэрэглэгч системд зураг илгээвэл, зургаар хариу өгөх чадвартай болжээ. | Nokia 3210- н шинэ хувилбар Nokia компани 160 гаруй сая хувь борлуулагдсан “Nokia 3210” утасны 25 жилийн ойг тохиолдуулан сайжруулсан хувилбараа гаргахаар болжээ. “Үнэхээр чухал бол залгана биз” гэсэн уриаг шинэчилсэн утсандаа зориулан гаргасан байна. Уг утас нь $90-ийн үнэтэйгээр худалдаалагдахаар болсон байна. |
Саран дээр төмөр зам барина NASA саран дээр төмөр зам байгуулж, галт тэрэг явуулах төлөвлөгөө танилцууллаа. Тодруулбал, соронзон роботуудын тусламжтайгаар өдөр бүр сарны гадаргаас 100 тн түүхий эд олборлохоор төлөвлөж байгаа аж. Уг төслийн ахлах инженер Итан Скалер “Бид саран дээр найдвартай, үр ашигтай ачаа тээврийн анхны төмөр зам байгуулахыг хүсэж байгаа" хэмээн мэдэгджээ. | TikTok-ийн шинэчлэл ба сонгууль TikTok AI ашиглан бүтээсэн бичлэгийг ялган тэмдэглэглэж эхэллээ. Ингэснээр TikTok нь энэ жилийн сонгуулийн үеэр хиймэл оюун ухааны ташаа мэдээлэлтэй тэмцэх үүрэг хүлээсэн технологийн тэргүүлэгч 20 компанийн нэг болсон байна. “Microsoft”, “Meta”, “Google”, “Amazon” болон “OpenAI” мөн тус гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. |
Google уламжлалт I/O арга хэмжээнийхээ үеэр ухаалаг утсаар дамжуулан бүхнийг харж, сонсоход туслах Project Astra, VEO нэртэй дүрс бичлэг бүтээгч AI, хайлтын илэрцийг илүү ухаалаг, хялбар болгох AI Overviews, Gemini чатбот зэрэг олон шинэлэг технологио танилцууллаа. Технологийн салбарын акулууд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр шил шилээ даран “давхиж” байна шүү. 😮💨