Makers News #62

🏡 MAKBM: Шинэ брэндингтэй боллоо

Powered by

Өдрийн мэнд ээ! 😇Барилгын салбарын томоохон арга хэмжээ болох Barilga Expo олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэллээ. Бид энэхүү арга хэмжээнд шинэ өнгө төрхтэйгөөр оролцож байгаа бөгөөд та бүхэн товхимлоо уншиж MAKBM-ийн шинэ брэндингтэй танилцаарай. 😉

🏡 Barilga Expo 2024 арга хэмжээнд шинэ өнгө төрхтэйгөөр оролцож байна

Манай компани Barilga Expo 2024 арга хэмжээнд барилгын материалын шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож байна. Энэ жилийн арга хэмжээ “Build Smart” уриан дор Буянт ухаа цогцолборт 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Нийт ажилтнууд та бүхэн компанийнхаа Европ стандартын бүтээгдэхүүнүүдээр тохижуулсан бүүтээр зочлоорой 😉

🏡 ТАНИЛЦ: MAKBM-ийн шинэ брэндинг

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “MAKBM 2024” арга хэмжээний үеэр бид барилгын материалын бүтээгдэхүүнүүдийнхээ брэндингийг шинэчлэн танилцуулсан билээ. Та бүхэн брэндингтэй танилцаж цаашид шинэ логог ашиглаарай.

“MAKBM 2024” арга хэмжээний үеэр танилцуулсан илтгэл, хэлэлцүүлгийг дараах холбоосоос үзээрэй. 🤩

💰 Тэтгэврийн хуримтлал танд ямар ашигтай вэ?

Компанийн нийт ажилтнуудын 90 хувь нь тэтгэврийн хуримтлалын данстай болоод байна. Таныг ирээдүйд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар ямар үр ашиг хүртэх боломжтойг дараах контентоос мэдэж аваарай. 🤩 

👩‍⚕️ Эрүүл мэндийн судалгаа үргэлжилж байна

Компанийн нийт ажилтнуудыг хаврын витаминжуулалтад хамруулах зорилгоор эрүүл мэндийн судалгаа авч байна. Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан ажилтнуудын эрүүл мэндийн ерөнхий байдал, витамин дутагдлын шинж тэмдэгтэй эсэхийг тодруулан оновчтой тунгаар дархлаажуулах юм байна. Тиймээс та бүхэн судалгаанд идэвхтэй хамрагдаарай. 😇

💧 НСУ: Ажилнууд өөрийн гараар усны хил заагийг харуулсан макет хийжээ

Нарийнсухайтын уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэсгийн Усны инженер Н.Төгөлдөр, Байгаль орчны мэргэжилтэн Н.Санжмаа, Б.Тэнгис нар уурхайн бүсийн хөрсний үе, зааг болон усны хилийг харуулсан макет бүтээсэн байна. Ингэснээр нийт ажилтнууд газрын гадарга доорх уст үе, геологийн тогтоцын талаар бодит мэдээлэлтэй болж байгаа юм. 👏

😇 МАК Цемент: Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна

"МАК Цемент" ХХК-ийн хамт олон Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Та хөдөлмөрлө, бид дэмжье" арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр орон нутгийн иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэн, ажлын байр горилж буй иргэдийн анкетийг хүлээн авсан байна.

АХБ: Энэ онд Монголын эдийн засаг 4.1% өснө 📈 

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1% өснө гэж тооцоолж байна. Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт эрчимжиж 6%-д хүрнэ гэж таамаглажээ.

Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 70%-тай байна ⚒️

БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилгын ажил 70%-ийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт гэх мэт хүндрэл гарахгүй бол энэ онд ашиглалтад орно гэж Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжээс мэдэгджээ.

ЖДҮ-ийн шинэ санхүүжилт 💰

Олон улсын JICA байгууллагын санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгаль орчныг хамгаалах зорилгоор ₮18 тэрбумын санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжүүлэх болсноо ХХААХҮЯ мэдээллээ. 7 хувийн хүүтэй энэхүү зээлийг арилжааны зургаан банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд олгох аж.

Эмийн сонсгол болно 💊

Эмийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс, хүртээмжийн талаар хэлэлцэх нээлттэй сонсгол ирэх Даваа гарагт эхлэх гэж байна. Тус сонсгол 4-р сарын 15-17-ны хооронд үргэлжлэх бөгөөд өнгөрсөн 1-р сараас хойш тус асуудлаар иргэдээс ирүүлсэн 6183 нотлох баримтад үндэслэн сонсголыг явуулах юм.

Сэрэмжлүүлэг: Гал түймрийн аюулаас сэргийлцгээе 🍀

Ой, хээрийн түймэр дэгдэх аюулын эрсдэл Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр, Булган, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар өндөр гарлаа. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Тиймээс та бүхэн хол замд гарахаар төлөвлөж байгаа бол анхаарал болгоомжтой зорчоорой. .

Агаарт давс цацаж байна

Далайн үүлсийг цайруулж, дэлхийд ирж буй нарны туяаг багасган агаарын температурыг хөргөх зорилгоор агаарт давс цацаж эхэлжээ. Энэхүү туршилтыг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хийж байгаа бөгөөд хамрах хүрээ бага учир бүс нутгийн уур амьсгалд нөлөөлөхгүй гэлээ.

NASA сарны цагийг тооцоолно

Цагаан ордон сарны цаг хугацааг тооцоолох нэгдсэн стандарт буюу сарны тохиргоот цагийг бий болгохыг NASA-д даалгалаа. Сарны таталцлын хүч дэлхийгээс бага тул тэнд цаг хугацаа илүү хурдан өнгөрдөг. Бүр тодруулбал, дэлхийгээс 58.7 микросекундээр түрүүлдэг юм байна.

Tesla робот таксигаа танилцуулна

Tesla компани 8 сарын 8-нд зах зээлд робот такси танилцуулна хэмээн мэдэгдлээ. Мэдэгдэл гарснаас хойш Tesla-ийн хувьцааны үнэ 5.1% өссөн байна. Тэд энэ төслөө анх 2019 онд танилцуулж байсан бөгөөд ийнхүү 5 жилийн дараа биелэлээ олж байна. Тухайн үедээ "роботакси" нь 11 жилийн турш ажиллах хүчин чадалтайгаас гадна 1.6 сая км зам туулна хэмээн зарлаж байсан юм.

Билли Айлиш байгальд ээлтэй пянз гаргана

Дуучин Билли Айлиш ирэх сарын 17-нд гаргах “Hit Me Hard And Soft” нэртэй цомгоо пянз хэлбэрээр хийсэн бөгөөд байгальд ээлтэй, дахин боловсруулсан материал ашигласан гэж мэдэгдлээ. Энэ пянз нь хуванцар пянзтай харьцуулахад нүүрсхүчлийн хийн ялгарлыг 90 хувиар бууруулах юм байна. Мөн өнгө будгийн хувьд хоргүй, ургамлын гаралтай, усан суурьтай будаг ашиглажээ. 

Даваа гарагт тохиосон нарны бүтэн хиртэлтийг Мексик, АНУ, Канадад сая сая хүн ажиглалаа. Нарны хиртэлтийг харсан хүмүүсийн дийлэнх нь нарны гадна талын бүрхүүл буюу титмийг харсан бөгөөд энэ нь энгийн үед нарны хурц гэрлийн улмаас бидний нүдэнд үзэгддэггүй юм. ☀️