- Makers News
- Posts
- Makers News #57
Makers News #57
Бүтээгч бүсгүйчүүд 💐
Powered by
Өдрийн мэнд! 💐 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МАК-ийн эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд бэлдлээ. Бүтээгч эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе! 💐
👷♀️ Бүтээгч эмэгтэйчүүдийн тухай
Монгол Улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж буй “Монголын Алт” МАК компанийн нийт ажилтнуудын 19.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Бүтээгч бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🌺
👩🎓 Эмэгтэйчүүд ба эдийн засаг
МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37% нь эмэгтэй, 63% нь эрэгтэй захиралтай байжээ. Харин эдийн засагт үзүүлэх бодит хувь нэмэр сайтай, хөдөлмөр ихээр зарцуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэсэн дүн гарчээ.
Дэлхийн Банкнаас гаргасан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлын талаарх чанарын судалгаанаас тоймловол:
Монгол эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр байдаг. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцох боломж харьцангуй дутмаг байна.
1996-2015 оны хооронд ажиллах хүчний оролцооны жендерийн ялгаа 4.8 нэгжээс өссөөр 12.6 нэгж хүртэл нэмэгджээ.
Эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ ажил эрхэлж буй эрэгтэйчүүдийнхээс үргэлж доогуур байсаар ирсэн. 2015 онд цалин хөлсний жендерийн харьцангуй ялгаа 12.5 хувьтай байв.
Нийтлэг эрхэлдэг ажил хөдөлмөрийн үзүүлэлт ч хүйсээр ялгаатай байна. Эмэгтэйчүүдийн олонх нь, ялангуяа хөдөө орон нутагт, баталгаагүй албан бус салбарт болон цалин хөлсгүй өрх гэрийн ажлуудыг хийж байна.
Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байгаагаас гадна эдийн засгийн өөр өөр салбаруудад ажиллаж буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувь ч мөн ялгаатай байна.
💳 Makers Card-ийн захиалга хэвийн үргэлжилж байна
Хаан Банк болон Хас Банкны Makers card-ийн захиалга нээгдсэнээс хойш Хаан Банкны картыг нийт 114 ажилтан, Хас Банкны картыг нийт 108 ажилтан захиалан аваад байна. Голомт Банкны картын туршилт шат дараатай хийгдэж байгаа бөгөөд захиалга нээгдэх үед нийт ажилтнуудад мэдээлэл хүргэнэ.
💳 МЕБҮ, МЕВАХҮ эмэгтэйчүүдээ баярлууллаа
МЕБҮ болон МЕВАХҮ-ийн эрэгтэй ажилтнууд өөрсдийн гараар хоол хийж, ширээ засан эмэгтэйчүүддээ бэлэг барьжээ. 🥰
Канадын зэс боловсруулах туршлагаас суралцана 🤝
PDAC-2024 арга хэмжээний үеэр Канадын геологийн алба, Монголын Үндэсний Геологийн албатай хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай хэлцэл хийлээ. Ингэснээр дэлхийн стандартыг Монголд нутагшуулж, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажилд Канадын туршлагаас суралцах боломж нээгдэх юм.
Уул уурхайн салбарын ахиц 👏
Xanadu Mines Монгол дахь Хармагтай төслийн хөрвүүлэн баяжуулах туршилтын үр дүнд зэсийн баяжмалын металл авалт 98%, алтных 95%-тай гарчээ. Энэ нь Оюу Толгойн металл авалтаас 15.2 нэгж хувиар өндөр гэсэн үг юм.
2024 оны сонгуулийн төсөв ₮32 тэрбум 😑
Улсын төсвөөс ₮19.5 тэрбумыг төрийн албан хаагчдын урамшуулал болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн хорооны үйл ажиллагааны зардалд зарцуулах юм байна. Харин ₮12.5 тэрбумыг саналын хуудас хэвлэх, төрөл бүрийн үнэмлэх гаргах, сурталчилгааны материал хэвлүүлэх зэрэг зохион байгуулалттай холбоотой зардал болон гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах салбар комиссын зардалд зарцуулах юм байна.
Ирэх сарын 29-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хаана 🙃
Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоодог. Энэ жилийн тухайд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 04/29-06/29-ний хооронд хаах юм.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт 😬
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудтай харьцуулсан харьцуулалтыг БШУЯ танилцууллаа. Монгол улс
Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д
Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
Авьяасын индексээр 64 орноос 60-д
Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д
Нийгмийн орчинд асуудал шийдэх чадвараар 65 орноос 59-д
Сургуульд суралцах хугацаа 13.2 жил хэдий ч эзэмшсэн чадамжтай нь харьцуулахад 4 жилийн хоцрогдолтой байна.
Бага хурлын анхны эмэгтэй гишүүн Д.Пагмадулам XX зууны эхэн үед “Бүсгүйчүүдийн сургууль” байгуулалцах, эмэгтэйчүүдийн анхны сэтгүүлийг эрхлэн гаргах зэргээр эмэгтэйчүүдэд боловсрол олгох, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө тууштай зүтгэж байсан эмэгтэй юм. Мөн 1924 онд анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж, БНМАУ-ын Улсын Бага хурал анх байгуулагдахад гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. | Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллага Монголын эмэгтэйчүүдийн анхны их хурал 1931 оны 7-р сард болж байв. Харин Монгол Улсын хамгийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага 1924 онд "Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг" нэртэйгээр байгуулж, анхны даргаар нь гадаадад академик боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй болох Д.Пагмадулам ажиллаж байсан юм. |
Шинэ MacBook Air худалдаанд гарлаа Apple компани хамгийн сүүлийн үеийн М3 чипээр тоноглогдсон MacBook Air зөөврийн компьютерээ танилцууллаа. Энэхүү загвар нь 1080 пикселийн камер, WiFi сүлжээг илүү хурдтай дэмждэг, 18 цаг хүртэл цэнэгээ барих чадвартай юм. Чипний тухайд өмнөх М1 чип бүхий загваруудтай харьцуулахад 60 хүртэлх хувь, Intel-ийн чиптэй загваруудаас 13 дахин өндөр хүчин чадалтай аж. | ONDO-ийн хиймэл дагуул хөөрлөө АНУ-ын Калифорни муж дахь "Space X" компанийн хөөрөх талбайгаас Falcon-9 хөлгийн тусламжтайгаар Монголын анхны арилжааны хиймэл дагуул ONDOSAT OWL-1,2 хөөрч дэлхийн нам тойрог замд орлоо. Цаашид нийт 170 гаруй ширхэг cube sat төрлийн хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөтэй байна. |
Дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцож буй Miss World тэмцээн Авьяаслаг мисс төрлөөр үргэлжилж байна. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Болор Авьяаслаг мисс төрлийн финалын 7-д багтаад байна. Доорх холбоосоор түүний үзүүлбэрийг үзээрэй. 👇