Makers News #56 (1)

Шинэ контент мэндэллээ 🎥

Powered by

Шинэ сарын мэнд! Энэ долоо хоногийн дугаарт Дэлхийн гүйцэтгэх захирлуудын 26 дахь удаагийн судалгааны үр дүн болон компанийн хэмжээнд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон бэлтгэлээ. Та бүхэн тухлан уншина уу. 😊

PwC: Монголын бизнесийн орчин хүнд байгаа ч Гүйцэтгэх захирлууд ажиллах хүчний тоог хадгалах сонирхолтой байна

Жил бүр PwC-ээс явуулдаг Дэлхийн гүйцэтгэх захирлуудын судалгаанд Монгол Улс өнгөрсөн онд анх удаа хамрагдсан. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад дэлхийн гүйцэтгэх захирлуудын 75% нь эдийн засаг буурна гэж үзсэн бол, Монголын гүйцэтгэх захирлуудын хувьд өсөлтийг харьцангуй өөдрөгөөр харж 48% нь дэлхийн жишигтэй ижил санаа бодолтой байжээ.

Түүнчлэн Монголын гүйцэтгэх захирлуудын харж байгаагаар голлон анхаарах 3 эрсдэлд инфляц, геополитикийн зөрчилдөөн болон макро эдийн засгийн тогтворгүй байдал багтаж байна.

Үүнээс гадна гүйцэтгэх захирлууд стратегийн ач холбогдол бүхий нэгдэн нийлэх, худалдан авах хэлцлийг бууруулахгүйгээр орлогоо нэмэгдүүлж, зардлаа танах арга хэмжээ авч байна. Сонирхолтой нь Гүйцэтгэх захирлуудын 52% нь аль хэдийн зардлаа танах арга хэмжээ авч эхэлсэн гэж байгаа боловч ердөө 19% нь шинээр ажилтан авахгүй байх, мөн 16% нь ажиллах хүчний тоог танах зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Үүнээс компаниуд ажиллах хүчний тоогоо хадгалах сонирхолтой байгаа нь харагдаж байгаа юм.

Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй тайланг дараах холбоосоор үзээрэй.

Зөвлөмж: Анхны тусламжийн хайрцгийг хэрхэн ашиглах вэ?

Төв оффисын давхар бүрд анхны тусламжийн хайрцаг байрлуулаад байна. Тус хайрцагт байгаа хэрэгслүүдийг хэрхэн ашиглах тухай ЗУГ-ын Эрүүл мэндийн чанар хяналтын мэргэжилтэн Ц.Цэрэнхандаас тодруулсныг хүлээн авна уу 👇

🎥 Шинэ контент: Надтай хамт ажиллах уу?

Захиргаа Удирдлагын Газраас ажилтнуудын туршлага, ур чадвар, ажиллах орчин нөхцөлийн талаар нийт ажилтнуудад хуваалцах, ажил үүргийг нь таниулах зорилгоор “Надтай хамт ажиллах уу?” контентыг бэлтгэж эхэллээ. Тус контентын эхний дугаарт “МАК Цемент” ХХК-ийн Эргэх зуухны оператор Ц.Отгонпүрэв оролцжээ.

Энэхүү контентод оролцон өөрийн ажлын арга барил, туршлагаасаа хамт олондоо хуваалцах хүсэлтэй ажилтнууд [email protected] хаягаар холбогдох боломжтой юм байна шүү 🤩

 😇 НСУ-ийн ажилтнууд шагайн харваагаар цэц мэргэнээ сорилоо

Нарийнсухайтын уурхайн 8 ажилтан “Трансвест Монголиа“ ХХК-аас харилцагч байгуулагуудынхаа дунд зохион байгуулсан “ТМ-УУХАЙ 2024” Шагайн харвааны тэмцээнд оролцсон байна. Ганцаарчилсан төрөлд Баяжуулагч инженер Ч.Алтанбагана 3-р байр, Sandvik 45 өрмийн туслах Б.Батпүрэв 4-р байр, Нярав И.Дашдорж 6-р байр тус тус эзэлжээ. Баяр хүргэе 👏

 😇 Хандивын аянд нэгдэхийг уриалж байна

Х.Наранбаяр нь 2017 оны 7-р сарын 26-нд “МАК Цемент” ХХК-д Байгаль орчны мэргэжилтнээр ажилд орж, 2021 оны 8 сард “МАК Вест” борлуулалтын төвд Сэрээт ачигчийн оператор, ээлжийн мастераар шилжин ажиллаж өнөөг хүртэл тогтвортой, хариуцлагатай ажиллаж байна. Түүний эхнэр 2016 онд хөхний 4-р зэргийн хорт хавдраар оношлогдож, 2 удаагийн хүнд хагалгаанд орж эмчийн байнгын хяналтад байсан юм. Гэвч 2024 оны 1-р сард хүзүүний баруун хэсэгт хавдар дахин үсэрхийлж, өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул нийт МАК-чууд та бүхнээсээ хандив хүсэж байна.

Нарийнсухайтын Баяжуулах үйлдвэрийн хэсгийн FGX хуурай баяжуулах үйлдвэрийн оператор Б.Энхбаяр нь 2019 оны 5-р сарын 13-нд ажилд орж одоог хүртэл хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллаж байна. Түүний ээж Н.Туул нь 2023 онд элэгний хорт хавдраар оношлогдож, хавдар тайрч авах боломжгүй учир ХӨСҮТ-д судас боолгох хагалгаанд 2 удаа орсон. Гэвч биеийн байдал сайжрахгүй, хавдрын эс дахин үсэрхийлж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул нийт хамт олноосоо хандив хүсэж байна.

Зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр арилжина ⚒️

Ингэснээр уул уурхайн биржээр арилжсан зэс, молибденийн баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ыг тухайн биржийн үнэтэй уялдуулж тооцох аж. Эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5%-ийг арилжихаар төлөвлөж байгаа юм байна.

Түүхэн дэх хамгийн өндөр ногдол ашиг тараах жил 🚀

2024 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 40 компани нийт ₮799 тэрбумын ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн оноос 22.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнд системийн нөлөө бүхий 5 банк IPO хийж, нээлттэй компани болсон нь голлон нөлөөлсөн байна.

Гадаадад эмчлүүлсэн төлбөрийн 20-50 хувийг буцааж олгоно 💰

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5%-ийг олгодог байсныг өөрчилж насанд хүрэгчдэд 20%, хүүхдийн эмчилгээний зардлын 50%-ийг буцаан олгохоор болсныг ЭМЯ мэдээллээ.

Метроны тасалбар ₮1000 байна 🚇

Улаанбаатар хотод байгуулах метроны зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд ₮54.6 тэрбум, барилга угсралтын ажилд ₮333 тэрбумыг төсөвлөжээ. Сонирхуулахад метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км байх ба үүнээс 6.6 км нь газар доогуур байх аж. Энэ зайг дунджаар 39.2 км цагийн хурдтайгаар 27 минутад туулах юм байна. Метроны шугам нь 14 буудалтай, буудал хоорондын зай 1.3 км зайтай байх аж. Мөн одоогийн байдлаар тасалбарын үнэ ₮1000 байх тооцоо гараад байгаа юм.

Тав хоногийн турш музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй 🖼️

Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Сонирхуулахад 0-16 насны хүүхдүүдэд төрийн өмчийн бүх музей тогтмол үнэ төлбөргүй үйлчилдэг шүү.

Хүний эхэсээс пластик олдлоо

Эрдэмтэд 62 хүний эхэсээс дээж аван судлахад бүгдээс нь 6.5-7.9 микрометр (1 метрийг сая хуваахтай тэнцүү) хэмжээтэй микропластик илэрсэн тухай “Toxicological Sciences” сэтгүүлд нийтэлжээ. Лабораторид явуулсан судалгаагаар микропластик нь хүний эсийг гэмтээдгийг тогтоогоод байгаа юм.

Түүх сануулах бугуйн цаг

1945 онд Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэх үеэр хайлсан бугуйн цаг Бостонд болсон дуудлага худалдааны үеэр $31,113-аар зарагджээ. Цагийн зүү яг бөмбөг дэлбэрсэн хугацааг буюу 8:15-ийг зааж зогссон байна. Энэхүү цагийг Японд алба хааж байсан Их Британийн цэрэг анх олж байжээ.

Samsung ухаалаг бөгж гаргана

“Samsung Electronics” компани Барселон хотод зохион байгуулагдаж буй “Mobile World Congress”-ийн үеэр анхны ухаалаг бөгжөө танилцуулахаар болжээ. Компанийн зүгээс хиймэл оюун ухааны дэвшлийг шингээсэн энэхүү бүтээгдэхүүн нь бусад төхөөрөмжүүдтэй ч төгс хосолно хэмээн онцолж байгаа юм.

$1 тэрбумын хандив

Уолл Стритийн томоохон хөрөнгө оруулагч агсаны эхнэр Нью-Йорк хотын нэгэн анагаах ухааны коллежид $1 тэрбумыг хандивласан байна. Улмаар тус коллежийн захиргаа нийт оюутнууддаа хаврын семестрийнх нь төлбөрийг буцаан олгож, ирэх жилээс үнэ төлбөргүй сургахаар болжээ.

ДАЧХХАБГ-ын Сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Сумъяадорж “Positive Dadal” подкастад оролцон “Хөдөлмөрийн аюулгүй байдал ба сэтгэл зүй” сэдвээр зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Та бүхэн хүлээн авч үзнэ үү. 👇