- Makers News
- Posts
- Makers News #52
Makers News #52
🏆 МАК: Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч + 10 саяын рекорд
Powered by
Баасан гарагийн мэнд! Нарийнсухайтын уурхай өмнөх жилүүдэд тогтоосон экспортын рекордоо дахин шинэчилж, “МАК Цемент” ХХК “Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч“-ээр шалгарсан онцгой үйл явдлуудаар дүүрэн долоо хоног өнгөрч байна. Тойм мэдээллээ тухлан уншаарай 😉
👏 10 сая.тн нүүрс экспортолж хувийн хэвшлийн ААН-үүдийг тэргүүлэв
МАК группийн хэмжээнд 2023 онд нийт 10 сая.тн нүүрс экспортолсон үзүүлэлтээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн дараа буюу улсын хэмжээнд 2-р байрт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн онд манай 2 уурхай Монгол Улсын нийт экспортын 15%-ийг бүрдүүлж, экспортын хэмжээгээр хувийн хэвшлийн компаниудыг тэргүүлсэн юм. Харин нэгдүгээр сарын гүйцэтгэлээр Нарийнсухайтын уурхай Монгол Улсын нүүрсний экспортын 13%-ийг дангаараа бүрдүүлсэн байна.
🏆 НСУ: Экспортын рекордоо ахиулав
Нарийнсухайтын уурхай өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш тогтоогоод байсан экспортын дээд амжилтуудаа дахин шинэчлэн тогтоосон байна. Тодруулбал,
🏆 Өдрийн дээд амжилт: 2023.09.25-нд 778 машинд ачилт хийж, 94 мян.тн нүүрс экспортолжээ
🏆Сарын дээд амжилт: 2023 оны 11-р сард 1.2 сая.тн нүүрс экспортолжээ
🏆 Жилийн дээд амжилт: 2023 онд 7.4 сая.тн нүүрс экспортолсон байна.
🏆 “Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч“ - “МАК Цемент” ХХК
“МАК Цемент” ХХК МҮОНТ, “Монголын мэдээ” сувгаас хамтран жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч”-ээр шалгарлаа. Та бүхэн шагнал гардуулах ёслолын нэвтрүүлгийг 2-р сарын 10 буюу Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хүлээн авч үзээрэй. МАК Цемент үйлдвэрийн нийт хамт олон, бүтээгчид та бүхэндээ баяр хүргэе 👏
✅ МАК Евро Виндоор үйлдвэрлэлээ өргөтгөлөө
МАК Евро Виндоор үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэн дэлхийд тэргүүлэгч Spiro брэндийн дугариг болон спираль хэлбэрийн агааржуулалтын хоолой үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Өнгөрсөн өдрүүдэд Spiro International компанийн Инженер Jonas Hjalmarsson, Robin Akesson нар МАК Евро Виндоор үйлдвэрт ажиллаж, угсралт, суурилуулалт хийн манай ажилтнуудад чиглүүлэх дадлага, сургалт орсон байна.
💳 Хас Банктай хамтарсан Makers card-ийн захиалга эхэллээ
Хас Банкаар цалингаа авч буй ажилтнууд компанийн 30 жилийн ойг тохиолдуулан гаргасан Makers Card-аа захиалан авах боломжтой боллоо. Та бүхэн энэхүү картыг эзэмшсэнээр тус банкнаас зарласан байнгын болон хугацаат хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой юм.
Та бүхэн дараах салбаруудад ажлын үнэмлэхээ авч очин картаа захиалаарай 😉
👨🦳 Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
МАК-чууд бид жил бүрийн сар шинийн баярын өмнө компанийн түүхийг хамтдаа бичилцэж, өнөөгийн ололт, амжилтад хүрэхэд сэтгэл, зүрхээ зориулан зүтгэсэн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил үе үеийн 54 ахмад ажилтныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.
Г.Цогт “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч
Д.Содном “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Зөвлөх, Хөдөлмөрийн баатар
Д.Дашзэвэг “Монголын Алт” (МАК) ХХК-ийн ГХГ-ын Зөвлөх
Д.Пүрэвдорж “Монголын Алт” (МАК) ХХК-ийн ХХА-ны Орлогч дарга асан
П.Маамаа “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Тамгын газрын Сахиул асан
🏆 Даланжаргалан сумын малчдад “Ботгонд Бонус” хөтөлбөрийн урамшуулал гардууллаа
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 32 өрхийн малчдад “Ботгонд бонус” хөтөлбөрийн урамшуулал гардуулж, 295 ахмад настанд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Тус сумын ботгоны тоо толгой 2022 оноос 59-өөр өссөн байна.
Тус хөтөлбөрийн үр дүнд Дорноговь аймгийн Мандах сумын тэмээн сүргийн тоо тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хөтөлбөр хэрэгжсэн 11 жилийн хугацаанд тус сумын малчид 15,000 гаруй ботго бойжуулан нийт 313.7 сая төгрөгийн урамшуулал аваад байна.
Мандах суманд зохион байгуулсан “Ботгонд Бонус” хөтөлбөрийн урамшуулал гардуулах арга хэмжээнээс бэлтгэсэн видео контентыг дараах холбоосоор үзнэ үү 👇
🏆 ERP-д Эрүүл мэндийн цэс нэмэгдлээ
Захиргаа удирдлагын газрын "Эрүүл мэнд, тусламж үйлчилгээ"-ний нэгж нь Odoo16 программд "Эрүүл мэнд" цэсийг шинээр үүсгэн ашиглалтад оруулаад байна. Энэхүү цэсээр дамжуулан үйлдвэр, уурхайн эмч нарын үзлэгийн бүртгэл, амбулаторийн карт, эрүүл мэндийн бүртгэл, судалгааг цахимд шилжүүлэн ажилчдын эрүүл мэндийн дата сан бүрдүүлэх юм байна.
👏 Хялбар аппликэйшн шинэчлэгдлээ
Хялбар аппликэйшн өнгө төрхөө шинэчлэн Makers нэртэй боллоо. Та бүхэн Makers апп-ийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд:
Дотоодын мэдээ мэдээлэл авах
Амралт, чөлөөний хүсэлт илгээх
Судалгаа, үнэлгээ бөглөх
Ажлын байрны мэдээлэлтэй танилцах
Цалингийн мэдээллээ харах
Зэргийн шалгалт өгөх
Техникийн захиалга үүсгэх
Ирцийн мэдээллээ харах
MAK Care цэс ашиглах
MAK Loyalty цэс ашиглах
Та бүхэн дараах холбоосоор аппликэйшнээ татаарай
🏆 Нарийнсухайтын амжилтын буухиа үргэлжилсээр байна
Нарийнсухайтын уурхайн Л.Булгантамир ахлагчтай баг тамирчид Овоотын хилийн цэргийн 0166 дугаар ангиас зохион байгуулсан 10 төрөлт спортын тэмцээнд амжилттай оролцож Шилжин явах цомын эзэд болсон байна. Уг тэмцээнд Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгжийн 16 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
🏭 МАК компани Монгол Улсын хэмжээнд нүүрс экспортлогч хувийн аж ахуйн нэгжүүдээс анх удаа 10 сая тонн нүүрс экспортоллоо
Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо 👏
Засгийн Газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая.тн нүүрс экспортлох хүчин чадал бүхий автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулсан байна. Үүнтэй зэрэгцээд, МАК компани Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 8 ААН-тэй хамтран 17 сая.тн нүүрс экспортлох “Шивээхүрэн терминал”-ыг улсын хилийн Шивээхүрэн боомтод байгуулан туршилтын тээвэрлэлтийг хийж байгаа билээ.
Уул уурхайн салбарын улсын төсөвт эзлэх хувь 31.6%💰
Уул уурхайн салбар 2023 онд улсын төсөвт ₮7.7 их наядыг төвлөрүүлсэн байна. Энэ нь нийт төсвийн орлогын 31.6%-тай тэнцэх үзүүлэлт юм. Үүнийг түүхий эд бүрээр задлан харвал:
Нүүрс: ₮4.3 их наяд
Зэс: ₮2.2 их наяд
Алт: ₮0.3 их наяд
Газрын тос: ₮0.3 их наяд
Төмрийн хүдэр: ₮0.1 их наяд
TMK Energy компани “Гурвантэс XXXV“ төслийн эзэмшигч боллоо 🏭
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy“ компани метан хийн “Гурвантэс XXXV“ төслийн 33%-г “Talon Energy“ компаниас худалдан авснаар уг төслийг 100% эзэмшиж эхэллээ. Түүнчлэн, туршилтын үйлдвэрлэлийн цооногийн хийн гарц 2023 оны 10-р сартай харьцуулахад 3.5 дахин өссөн талаар мэдээлсэн юм.
115 мянган иргэн ипотекийн зээл авчээ 🏚️
Монголбанк 2023 оны эцсийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл ₮7.64 их наяд болж өмнөх оноос 17.8% өссөн гэж мэдээллээ. Уг хөтөлбөр эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд нийт 115 мянган иргэн зээлд хамрагдсаны 35% нь гэр хорооллоос орон сууцанд шилжин оржээ.
11 насны хүүхдүүдэд папилома вирусын эсрэг вакцин хийнэ 👩⚕️
Дархлаажуулалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болох папилома вирусын эсрэг вакциныг заавал хийх үндэсний товлолт вакцинд орууллаа. Улмаар 11 насны бүх хүүхдүүдийг хамруулахаар болсон гэж Хавдрын үндэсний зөвлөлөөс мэдээллээ.
Хүний тархинд чип суулгалаа Хүмүүст бодлоороо компьютер удирдах боломж олгохоор зорьж буй “Neuralink“ компанийн хүний тархинд чип суулгах туршилт амжилттай болсон талаар Илон Маск цахим хуудсандаа мэдээллээ. Тэд хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө өнгөрсөн оны 11-р сард авсан юм. | Хөлөг онгоц дээрх “хот” Хоёр тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц гэгдэж буй “Icon of Seas“ хөлөг далайд гарлаа. Уг хөлөг онгоц нь 365м урттай, 7600 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд усан парк болон 40 гаруй ресторан, лоунжтай аж. |
Magnolian Netflix-ийн цувралд Netflix компани Magnolian буюу Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor“ дууг 2021 оны “People’s Choice“ шагналт “Outer Banks“ цувралынхаа нэг ангид 30 сек тоглуулжээ. Улмаар түүнд $3,000 төлсөн байна. | Мона Лиза руу шөл цацав Францын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөний хоёр идэвхтэн эмэгтэй Луврын музейд хадгалагдаж буй алдарт Мона Лиза зураг руу шөл цацжээ. Тус улсад сүүлийн үед энэ төрлийн тэмцэл эрчээ авч байгаа аж. |
Бүх төрлийн дугуйг цахилгаан дугуй болгох төхөөрөмжийн үнэ $500-аас эхэлж байна. Swytch Bike хэмээх компани халаасанд багтах жижиг цэнэг хураагуур, урд дугуйнд суурилуулах хөдөлгүүрээс бүрдсэн хувиргалтын багц гаргажээ.