- Makers News
- Posts
- 🌳 Мод тарих өдөрлөгийн тов тодорлоо🟢
🌳 Мод тарих өдөрлөгийн тов тодорлоо🟢
👷👷♀️ MAK Job Fair | 🔬 TTRC-ийн дэвшил | 🩺 Эрүүл мэндийн өдөрлөг
Powered by
Өвөл айсуй! 🌨️ Энэ удаагийн дугаарт компанийн дотоодод өрнөсөн үйл явдлуудаас гадна бидний зайлшгүй мэдэж байх ёстой сэдэв болох дотоод орчны агаарын чанарын тухай онцоллоо. Та бүхэн дархлаагаа дэмжээрэй 🙌
Та newsletter-ийн зураг, дизайныг бүтнээр нь харахыг хүсвэл баруун дээд буланд байрлах “Trust Sender” товч дээр дарна уу.
💼 1000 орчим ажил горилогчоос анкет хүлээн авчээ
Захиргаа удирдлагын газраас Төв оффис болон Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулсан “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үеэр нийт 959 хүн ажилд орох анкет бөглөсөн байна. Тодруулбал, Төв оффист зохион байгуулсан өдөрлөгт 557, Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулсан өдөрлөгт 402 иргэн тус тус ажилд орох анкет бөглөжээ. Эдгээр хүмүүст МАК компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, анхан шатны уулзалт хийсэн бөгөөд одоогийн байдлаар шаардлага хангасан ажил горилогчидтой дараагийн шатны ярилцлагын цаг товлон сонгон шалгаруулалтыг илүү нарийвчилж байгаа юм байна 👏
Та бүхэн дараах ажлын байруудад тохирно гэж үзэж буй найз нөхөд, танилууддаа эдгээр зарыг түгээж хүний нөөц бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулаарай 🤩
🌳 Мод тарих өдөрлөгийн тов тодорлоо
"Үндэсний бүх нийтээр мод тарих өдөр"-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу 10-р сарын 4-ний Баасан гарагт Богдхан уулын Дархан Цаазат газрын Залаатын аманд мод тарихаар боллоо. Мод тарих өдөрлөгт хамрагдах хүсэлтэй ажилтнууд доорх холбоосоор бүртгүүлээрэй 👇
💼 “МАК Цемент” ХХК-ийн 30 ажилтан коллежид элслээ
Говьсүмбэр аймгийн Политехникийн коллеж хамтын ажиллагааны хүрээнд тус коллежид элсэн суралцах сонирхолтой ажилтнуудад мэдээлэл түгээх өдөрлөг зохион байгуулсан байна. Энэ хичээлийн жилээс эхлэн цементийн үйлдвэрийн 15 ажилтан Авто зам гүүрийн оператороор, 15 ажилтан Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний чиглэлээр суралцахаар болжээ 👏
Түүнчлэн 2023-2024 оны хичээлийн жилд политехникийн коллежид суралцан төгссөн ажилтнууд санаачилга гарган ажилтнуудын амрах байранд "Оюутны бие даан суралцах булан" тохижуулсан байна. Ингэснээр энэ хичээлийн жилээс эхлэн суралцах ажилтнууд сурах бичиг болон сургалтад шаардлагатай материалаа хэвлэн олшруулах, суурин компьютер ашиглах, ганцаараа болон багаар ажиллах сургалтын орчныг бүрдүүлжээ 😇
👩⚕️ TTRC: АНУ-ын PerkinElmer компанийн ICP-OES багажаар хүчин чадлаа нэмэгдүүллээ
"Трү Ти Ар Си" ХХК-ийн Химийн лабораторид АНУ-ын PerkinElmer компанийн ICP-OES багаж суурилуулан Химич-Инженер, техникийн ажилтнууд сургалтад хамрагдан олон улсын сертификатаа гардан авлаа. Тус багажаар бүх төрлийн ашигт малтмалын хайгуул, баяжуулах үйлдвэр, байгаль орчны (хөрс, ус) дээжид өнгөт, хар, үнэт металл болон газрын ховор, хүнд металл зэрэг 60 гаруй элементийг микро/нано түвшинд хурдан шуурхай тодорхойлох боломж бүрдэж байгаа юм.
🇲🇳 МАК компани Coal Market Summit 2024-т оролцож байна
Дэлхийн нүүрсний зах зээлийн тэргүүлэх эх сурвалж болох SXCoal-оос жил бүр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ 15 дахь удаагийн “Coal Market Summit 2024” нүүрсний зах зээлийн олон улсын хуралд Худалдааны газар МАК компаниа төлөөлөн оролцож байна.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанд Худалдааны газрын Зах зээл судлаач Э.Наран-Очир “Монгол Улсын нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, төлөв” сэдвээр илтгэл танилцуулна. Та бүхэн амжилт хүсээрэй 👏
Makers News-ийн ирэх 7 хоногийн дугаарт уг хурлын талаарх мэдээллийг багцлан хүргэнэ.
🩺 Орон нутгийн “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийн үеэр хавдрын 8 тохиолдол илрүүллээ
Энэ сарын 9-19-ний өдрүүдэд Mongolian Prevention & Diagnostic Clinic болон И-Монос эмийн цахим худалдааны платформтой хамтран Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Баянжаргалан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 900 гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрууллаа.
Үзлэгт хамрагдсан 900 гаруй иргэний 85% нь ясны сийрэгжилттэй, 73% нь эрдсийн дутагдалтай гэж оношлогдсон юм. Түүнчлэн элэгний хавдрын 7, бөөрний хавдрын 1, бэтэг өвчний 5 тохиолдол илрүүлж, нарийн мэргэжлийн эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөсөн байна. Үүнээс гадна, үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 30 орчим хувь нь цөсний чулуутай байгааг оношилсон бол 27 хүн бөөрний чулуутай байгааг тогтоожээ.
🏐 НСУ: Гар бөмбөгийн аваргуудаа шалгаруулжээ
Нарийнсухайтын уурхайн хамт олон Гар бөмбөгийн аваргуудаа шалгарууллаа. Тэмцээнд эрэгтэй 9 баг оролцсоноос,
🥇 I байр: ЗҮХ
🥈 II байр: Уулын хэсэг
🥉 III байр: Нүүрс баяжуулах үйлдвэр
Харин эмэгтэй 6 баг оролцсоноос,
🥇 I байр: ЗХНХ
🥈 II байр: ХАБЭАБО
🥉 III байр: Аж ахуйн хэсгийн тамирчид шагналт байр эзэлжээ.
Харин шилдэг тоглогчоор
🏐 Эрэгтэй: Ч.Нямаа, ЗҮХ
🏐 Эмэгтэй: Б.Эрдэнэцэцэг, ЗХНХ нар шалгарчээ.
I байр: ЗҮХ
II байр: Уулын хэсэг
III байр: Нүүрс баяжуулах үйлдвэр
I байр: ЗХНХ
II байр: ХАБЭАБО
III байр: Аж ахуйн хэсэг
💻 Хурлын өрөөний захиалгыг зөвхөн вэб хөтөч ашиглан үүсгээрэй
Та бүхэн төв оффисын хурлын өрөөний захиалга үүсгэхдээ заавал вэб хөтөч ашиглан www.office.com цахим хуудсаар дамжин ажлын и-мэйл хаягаараа нэвтэрч захиалга үүсгээрэй. Компьютерийн Outlook аппликейшн ашиглан захиалга үүсгэсэн тохиолдолд цаг захиалга бүртгэгдэхгүй юм байна ❗
Хурлын өрөө захиалах зааврыг эргэн нэг сануулъя 👇
Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо 🚧
Яармагийн авто замаас "ТЭЦ IV"-ийн авто зам хүртэл 2.84 км урттай зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрлэн дохио зэргийн бүтээн байгуулалтыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм байна.
Түгжрэлд алдагдсан боломжийн өртөг: ₮3 их наяд 🚗
Ид ачааллын үеэр зам засварын ажил хийснээс түгжрэл дээд цэгтээ хүрч бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байна. Хотын түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртгийг тооцоолсон судалгаа хийхэд нийслэлчүүд бид жилд гурав орчим их наяд төгрөгийг түгжрэл, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавруудаас шалтгаалан алдаж байна гэсэн үр дүн гарчээ. Энэ дүнд зорчигчдын ажлаасаа хоцрох, ажлын бүтээмж буурах, шатахуун тослох материалын илүү зардал зэргийг ч оруулан тооцжээ.
Агаарын бохирдлыг бууруулах шинэ туршилт 🙂
НЗДТГ НҮБ-тэй хамтран сэргээгдэх эрчим хүч ашиглан агаарын бохирдол бууруулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд гэр хорооллын айлуудад нарны хавтан суурилуулах юм байна. Нарны хавтан ашиглан шөнөдөө галлагаа хийлгүй гэр, байшингаа дулаалах энэхүү туршилтыг энэ өвөл эхлүүлэхээр тохиролцжээ.
Өвөл айсуй: Дотоод орчны агаарын чанар 😮💨
НҮБ-аас танилцуулсан “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-нд Монгол улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд 7139 хүн нас барж байна гэжээ. Агаарын бохирдол гэхээр нүүрсний утаа л санаанд тань бууж байна уу? Гэвч үнэн хэрэгтээ дээрх статистикийг задлан харвал нас барагсдын дийлэнх нь буюу 4300 нь дотоод орчны агаарын чанараас болж нас барсан байна.
Дотоод орчны агаарын чанарт юу нөлөөлдөг вэ? 💭
Дотоод орчны агаарыг бохирдуулдаг хамгийн гол хүчин зүйл нь химийн найрлагатай гэр ахуйн, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, тавилга, барилгын материалд агуулагддаг химийн бодисууд байдаг аж. Түүнчлэн утаат болон электрон тамхи ч үүнд багтана. Тиймээс та бүхэн ажлын хамт олноо хүндэтгэн оффистоо электрон тамхи бүү татаарай 😉
МАК-чууд бид дотоод орчны агаарын чанарыг сайжруулах Европ стандартын ган агаар сэлгэлтийн хоолойг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсээр байгаа билээ. Та бүхэн MAK Euro Venti брэндийн бүтээгдэхүүнийг найз нөхөд болон ойр тойрныхондоо зөвлөөрэй 😉
XIII зууны Монголд очих боломж Германы "Aesir Interactive" гэх компани 13-р зууны Монголын эзэнт гүрнийг харуулсан "Windstorm: The Legend of Khiimori" нэртэй тоглоом хөгжүүлж байгаагаа зарлалаа. Тоглоомын үйл явдал нь гэр барин тал нутгаар шуудан хүргэх байдлаар өрнөх аж. Компанийн зүгээс тус тоглоомын урьдчилсан захиалгыг энэ сард багтаан эхлүүлнэ гэж мэдэгджээ. | Мета-ийн AR нүдний шил Тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг AR нүдний шил танилцууллаа. “Orion” гэх нэртэй энэхүү шил нь цахим орчинд аялж, тоглоом тоглох, харилцаа холбооны дижитал дүрслэлийг бодит ертөнцөд тусгах зэрэг олон чадвартай. Тэд 2027 онд анхны арилжааны AR нүдний шилээ хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байгаа аж. |
Нохойны тэргэнцэр бүтээжээ Mercedes Benz компани автомашинд мөргүүлэн хойд хоёр хөлөө алдсан нохойд зориулан тусгай тэргэнцэр хийж өгчээ. Осолд орсон нохойг олж асран хамгаалсан Фридман гэх эрэгтэй Mercedes Benz компани руу холбогдож санал тавьснаар Банни гэх нохой өөрт нь зориулсан тэргэнцэртэй болжээ. | Хүний Ү хромсом устаж байна Эрэгтэй хүний биологийн гол тэмдэг болох Ү хромсом 166 сая жилийн өмнө 900 орчим байсан бол одоо 55 орчим л үлдсэн аж. Энэ эрчээрээ бол 11 сая жилийн дараа Ү хромсом бүрэн устах төлөвтэй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Зөвхөн хүн ч бус Зүүн Европын цагаан оготно, Японы хархнууд ч энэ төрлийн хромсомоо бүрэн алджээ. |
Хүн төрөлхтний ул мөр задгай сансарт хүртэл бий. Бидний баларшгүй ул мөр бол хог хаягдал. Дараагийн толгой өвтгөх хаягдал нь цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал болоод байна. 2023 онд энэ төрлийн хаягдлын хэмжээ дэлхий дахинаа 58.2 сая тоннд хүрснээр нэг хүнд дунджаар 7 кг хаягдал ногдоно гэсэн тооцоолол гарч байв. Гэвч энэ их хаягдлын ердөө 20 хувийг л дахин боловсруулж байгаа юм.
Алдарт хөгжмийн зохиолч Моцартын урьд хожид олны хүртээл болж байгаагүй бүтээл Германы номын сангаас олдлоо. Судлаачид уг бүтээлийг Моцарт өсвөр насандаа буюу 1760-аад оны үед туурвисан гэж үзэж байна. Энэхүү бүтээлийг 9-р сарын 19-нд түүний төрсөн нутаг болох Австри улсын Зальцбург хотод анх удаа олон нийтэд сонирхуулсан байна 🎵
Та орон зайн байршлаас үл хамааран МАК-ийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, уурхайгаар зочлох боломжтой гэдгийг мэдэх үү? 🤭 Makers News цахим товхимолд “360 аялал” нэмэгдсэн шүү. Аж үйлдвэрийн салбарт шинэ жишиг тогтоож буй МАК компанийн бүтээн байгуулалтуудаар хамтдаа аялцгаая 👇
"Makers News" цахим товхимолд и-мэйл хаягаа бүртгүүлснээр Компанийн үйл ажиллагаа, дотоод арга хэмжээ, үйл явдлууд, улс эх оронд өрнөж буй хамгийн чухал, анхаарал татсан мэдээ мэдээллүүдийг нэг дороос унших боломжтой шүү 🙌
Та бүхэн шинэ ажилтнууддаа дуулгаарай 📢